Радиогоор овоглосон он жилүүд буюу сэтгэлд мөнхөрсөн хамт олон
“Радиогийн хүүхнүүд буюу “Хөх тэнгэрийн элч” (2014) номд нийтлэгдсэн өөрийн дурсамжийг 90 жилийн ойгоо тэмдэглэж буй радиогийн үе үеийн хамт олон болон уншигчидтайгаа хуваалцъя. Энэхүү номыг санаачлан бүтээсэн, эмхэтгэсэн, хүүхдийн редакцаараа овоглож Радиодоо 50 жил ажилласан Барсын Туяа эгч агсандаа туйлын талархаж явна.
РАДИОГООР ОВОГЛОСОН ОН ЖИЛҮҮД БУЮУ СЭТГЭЛД МӨНХӨРСӨН ХАМТ ОЛОН
1983 оны зун, одоогоос яг 30 жилийн өмнө би Монголын Радиод үйлдвэрлэлийн дадлага хийх “виз”-ээ авахаар боловсон хүчний хэлтсийн ажилтан Д.Маналжав /агсан/ гуайн өрөөгөөр шагайж, улмаар баахан зэмлүүлж билээ.
Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хороо /МРТУХ, тухайн үеийн нэршлээр/-ны нэр дээр суралцахаар дөрвөн жилийн өмнө шахам томилолт өвөрлөөд явсан хүн гэнэт гарч ирсэн хойно аргагүй ч байсан биз ээ. Тэгээд шүлэг, зохиол тэрлэх нь битгий хэл Монгол хэл, уран зохиолын мэдлэг маруухан намайг Уран зохиол, урлагийн редакцад яагаад хуваарилсныг асуух сэхээ тухайн үед надад лав байгаагүй юм. Харин урлаг судлаач Дэ.Мягмарсүрэн даргатай тус редакцын багш, эмч, зураач, зохиолч мэргэжилтэй ч сурвалжлах, редакторлах ажилдаа гаршсан хамт олонд мэргэжлийн сэтгүүлчээр суралцдаг маань бяцхан “реклам” болсон болов уу.
Тэдний бэлтгэдэг “Соёлч радио сонин”, “Эрүүл мэнд” зэрэг цаг үеийн мэдээ, сурвалжилга, зөвлөгөөг багтаасан нэвтрүүлэг нь арай ойр санагдаж, дадлагын хугацаанд УГЗ Ш.Ёлк, Л.Мягмарсүрэн ах нарынхаа удирдлага дор илүү ажилласан. Харин “Урлаг соёлын зүтгэлтэн” нэртэй хөрөг, найруулал давамгайлсан болон “Уран зохиолын цаг” гэсэн жүжиг, уран зохиолын нийтлэл, нэвтрүүлгүүдийг сонсохоос цаашгүй, тэдгээрийг бэлтгэдэг Ж.Саруулбуян ах, Б.Шаравнямбуу /агсан/ ахмадыг гол төлөв хөндлөнгөөс л ажигладаг байв. Радиогийн онцлогт тохируулан ямар ч нэвтрүүлгийг “амилуулдаг” ах нарынхаа арга техник, ур чадвартай танилцах энэ үед л хуваарьт газраа үзэгддэггүй “танхай” оюутан хэмээн хэлүүлсэн маань орой руу орж билээ. Мөн нэг курст хамт сурч байсан хэдийнхээ хаврын шалгалт дуусав уу үгүй юу гэр орон руугаа яаран, Монголдоо дадлага хийдэг байсны учрыг ч ойлгож мэдэрсэн. Гэхдээ энэ нь өмнөх дадлагуудаа Эрхүү мужийн Качуг тосгоны “Ленская правда”, бүсийн “Восточная правда” зэрэг сонинд хийж, Орос ах нарынхаа туршлагаас судалсандаа харамсаж буй хэрэг огтхон ч биш юм…
Дадлага дуусах цагт ирэх хавар сургуулиа төгсөөд редакцадаа ирээрэй гэсэн даргынхаа ам урилгыг ихэд билэгшээн, энэ урам, эрчээрээ дипломын ажлаа “Радиогийн найрууллын онцлог” сэдвээр бичиж хамгаалсан юм. Радиогийн тухайн үеийн найрууллын мастерууд гэгддэг редакцынхаа Б.Шаравнямбуу, хөдөө аж ахуйн редакцын сэтгүүлч Д.Пэлдэн агсан зэрэг ахмад болон зарим залуу сэтгүүлчдийн бүтээлд бяцхан дүн шинжилгээг уг ажилд хийж билээ. Найруулал /оросоор бол очерк, өнөөгийн хөрөг/ хэмээх энэ бичлэгийн төрөл зүйл нь Монголын радиод төдийгүй Орос, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тухайн үед түгээмэл нийтлэгддэг, сэтгүүлчид нь энэхүү бичлэгээр ур чадвараа уралдуулдаг үе байж дээ. Радиогийн “Манай үеийн тэргүүний хүн” толгой нэртэй нэвтрүүлгээр редакцын маань ах нар урлаг, соёл, уран зохиолын алдартнуудаа, С.Цэдэв /агсан/, Р.Энхбазар нар хөгжмийн ертөнцийн эрхмүүдээ, үйлдвэр аж ахуйн шилдгүүдээ М.Шийрав даргатай хамт олон, сайн малчин, тариачнаа УГЗ М.Цагаан /агсан/ даргатай редакцынхан өөр өөрийн хөг хэмнэлээр магтан дуулж, тэдгээрийг нь редакц тус бүрийн ахмад найруулагчид өнгө донжийг нь тохируулан найруулах нь тус бүртээ л нэгэн театрын бага тайз адил төсөөлөгддөг байж билээ… Радио долгионоор цацагддаг нийт нэвтрүүлэг дундаа эдгээр найруулал нь сайн удирдаач бүхий цогц найрал хөгжим адил сонсогддог байсан ба тэдгээрийн дийлэнх нь өнөөдөр Радиогийн “Алтан фонд”-д хадгалаатай байдаг.
“Алтан фонд”-д тэр бүр ороогүй ч радио найрууллын энэхүү эгшигт хайрцагт өөрийн цөөн хэдэн хөг аялгыг нэмсэн. Анхны найрууллын баатар маань тухайн үеийн Залуучууд театрын найруулагч И.Нямгаваа байсныг би мартаагүй. Учир нь, түүний талаарх Драмын театрын найруулагч агсан Г.Доржсамбуугийн ярьсан бичлэгийг утсгачихаад хэрхэн нүүрээ улалзуулан дахин ярилцахад хүрч байснаа санан дахин ийм алдаа гаргаагүй. Тухайн үед залуу хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын уран бүтээлийн тухай найруулал нь нэвтрүүлэг батлуулах хугацаа /14 хоногийн өмнө нэвтрүүлгийн бичвэрээ уншуулдаг байсан юм/-ндаа арайхийн амжиж билээ. Тэрээр сурвалжлагч намайг голсон уу, эсвэл бусдын ярьснаар үнэхээр даруу загнасан уу тухайн үеийн Хөгжмийн холбооны үүдийг хэдэн өдөр сахиулснаас хойш би судлах сурвалжлах ажлаа арай өөрөөр төлөвлөдөг болсон. Хожим нь, Халдвартын эмнэлгийн зөвлөх эмч Т.Дэлгэр, Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн төрийн соёрхолт рентгений эмч Р.Пүрэвээ нарын хөрөг — найрууллуудыг бэлтгэх үед арай туршлагажсан байж дээ.
Харин орон тооны сурвалжлагч болоод хийсэн хамгийн анхны бие даасан сурвалжилгын бичвэрээ редакцынхаа ах нараар ээлж дараалан уншуулж байснаа санадаг юм.Тэр нь 1984 оны намрын дунд сарын “Соёлч радио сонин”-нд орох Гэрлэх ёслолын ордноос хийсэн сурвалжилга байсан. Учир нь, ерөнхий редактор Ц.Хасбаатар дарга нэвтрүүлгийг минь батлахгүй бол ямар балаг учрах, тэрээр хэн бэ гуайг авч хэлэлцэлгүй нэвтрүүлгийг буцаадаг тухай ах нарын амнаас олон түүх сонссон байсан. Тухайлбал, УГЗ Б.Цэдэндамбаа агсан, радиогийн “бүдүүн дуут” буцсан нэвтрүүлгээ даргынхаа нүдэн дээр ураад хогийн саванд нь үлдээгээд гардаг, тэгээд цоо шинээр бичиж эхэлдэг, нэг нэвтрүүлгийг хэд дахин бичсэн гэх мэт. Тиймээс мань шиг цээжнээс нь үг бэлэн урсдаггүй хүний нэвтрүүлгийг буцаавал юу болох бол гэж бодоо биз. Залуучуудын редакцын Я.Баатар ах тэр үед манай редакцаар орж таарч, миний сурвалжилгыг уншаад санаа байна, зохиомжлох, амьдруулах хэрэгтэй, наад хоёр хосынхоо ордон дахь мөчийг амьдралтай нь холбож бод, бод гээд гараад явж билээ… Тэр нэвтрүүлэг маань даргаас буцаагүйгээр барахгүй гайгүй үнэлгээтэй батлагдсан юм. Учир нь хоёр хосын Хуримын ордны шатны гишгүүр өгсөх мөчийг өөрсдийнх нь амьдралын тухай бодолтой нь уялдуулж “Амьдралын шат” /”Амьдрал өөд өгсөх шат” ч байж магад/ гэж нэрлэсэн санагдаж байна /Харамсалтай нь нэвтрүүлгийн маш цөөн бичвэр надад үлджээ/.
Дээрх тохиолдлын адил үнэтэй сургамж, ховор дурсамж Радиод ажилласан 13 гаран жилийн хугацаанд багагүй үлджээ. 1980-аад оны сүүлээр “Соёлч радио сонин”-ы хэсэг дугаарыг Булган аймгаас бэлтгэхээр урлаг, утга зохиолын “томчуул”-тай аялж билээ. Хөдөөгийн амьдрал, ахуй соёлтой танил биш гэдгээ харуулахгүйг хичээн аль болох л энгийн байхыг хичээж явлаа. Нэг малчин айлд зочилсон оройноо ардын жүжигчин Э.Оюун гуай /бид хоёр буудлын дамжсан өрөөнд байрласан юм/: “Миний охин, эмэгтэй хүн айлын баруун хоймор гарчихаад завилж суух нэг их таатай харагддаггүй юм шүү…” гэж их л эелдэг хэлсэн ч хамаг бие халуу шатаж билээ. Хэдийгээр тухайн үед бэлтгэлийн өмд цамцтай явж таарсан ч ёс ёмбогор гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож, үүнээс хойш таньж мэдэхгүй айлын зүүг хоймроос дээш хэтрэхээ байсан юм /Радиогийн буянаар Увсын баруун хязгаар хүртэл томилолт авч явж байлаа/. Зах зээлийн эхэн үед өнөөх “бүдүүн дуут” Дамбаа ахыг дагалдан Шаамар зэрэг Сэлэнгийн сумдаар нэг долоо хоногийн турш ургацын мэдээ бэлтгэн явахад тэрээр сэтгүүлч хүний ой санамж компьютерын хард диск дэх мэдээллийн багтаамжаас дутуугүй байхын яруу тод жишээг үзүүлж, уулзсан тариаланч болгоныхоо үүх түүх, ажил хөдөлмөрийнх нь амжилт, цаашилбал орон нутгийн жил жилийн ургацын үзүүлэлт зэргийг статистикийн мэргэжилтэн шиг л дуржигнуулдаг байж билээ. УГЗ Д.Амбасэлмаа эгч маань яриа хөөрөө дэлгээд суудаг завтай хүн биш ч үг солиод өнгөрөх хоромхон мөчийг алдалгүй мэргэжлийн зөвлөгөө өгч амждаг нэгэн. Түүнд Б.Лхагвасүрэн /төрийн соёрхолт зохиолч/ ахтай хамт “Цогт тайж” киноны Арслан тайжид тоглосон А.Цэрэндэндэв гуайнхаар зочлох завшаан гарсан тухай, түүнчлэн Арслан тайжийн харц нас өндөр гарсан түүний нүдэнд “хадгалагдсан” байсныг дурдахад тэрээр “… наадах чинь л найрууллын санаа байна” гэж билээ. Би ч нэг их сүрхий хүн нэг хэсэг дотроо бодолтой л явдаг байв. Харин одоо Амбалаа маань надтай хаа нэг таарахаараа өр нэхсэн хэвээр… Үндсэн редакцын ах нартаа бол нэг эрх танхил охин нь л байж дээ, одоо бодоход. Баруун гарын үзэг барьсан долоовор хуруугаар хамрынхаа үзүүрийг ганц нэг имрэн суудаг Шарав /Б.Шаравнямбуу/ ахын юу бодож, эргэцүүлэхийг нь хэн ч таамаглахын аргагүй, тэрээр тодорхой сургаал, зөвлөмж айлдахгүй ч өөрийн байгаа байдал, аливаад хандах хандлагаараа л үлгэрлэнэ. Дарга Мягаа ах маань харин ажил төрлийн заавар, даалгаврын хажуугаар амьдралын сургаалыг ч орхигдуулдаггүй байж дээ.
Нийгэм бяцхан “савалж”, нам төвтэй үзэл санаан дундуур шинэ тутам уур амьсгал цухалзаж эхэлж байсан 1988 оны дундуур “Нийгэм, ахуйн редакц”-ийг МРТУХ-ны даргын тушаалаар үүсгэн байгуулж, уг редакцыг УГЗ П.Сандуйжав агсан даргалж, бүрэлдэхүүнд нь ахмад сэтгүүлч С.Гомбожав агсан, Ш.Ёлк, Б.Баттогтох, би бээр багтаж байв. Бид хүнээ мартсан нийгмийн сөрөг үр дагавруудад тулгуурласан шинэ, шинэ сэдвүүдийг уудлан хэлэлцүүлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг “Хүн — анхаарлын төвд” нэвтрүүлгээр гол төлөв хөндөн ярилцдаг байсан юм. Тухайлбал, миний хувьд Монгол хүний удмын санг хамгаалах асуудлаар доктор Ж.Батсуурьтай хийсэн цуврал нэвтрүүлгийн үр дүнд “Хүн судлалын институт байгуулах” нь зөв зүйтэй юм гэсэн асуудлыг дэвшүүлж байсан санагдана. Ийнхүү цаг үеийн “халуун” сэдвүүдийг хэлэлцэхийн хажуугаар бие биенээ жаахан явуулсхийн егөөддөг, үүндээ ч манай ахмадууд гаргуун байв. Хамгийн сонгодог нь гэвэл “Гооёо /С.Гомбожав/ маань тээр…, манай “Хүн — анхаарлын төвд” нэвтрүүлгээр яригдсан зүйлийг М.Горбачёв /тухайн үеийн ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/ илтгэлдээ дурдсан байна гэж ирээд л уншиж буй “Үнэн” сонин руугаа долоовор хуруугаараа товшдог…” гэж Сандуйжав даргыгаа ярихад жаал инээлддэг сэн…
Радиод ажилласан сүүлийн жилүүдэд мэдээллийн “Хурд” агентлагийн багийнхантай гар, сэтгэл нийлж 3–4 жил болжээ. Шуурхай мэдээ, шууд сурвалжилга зэргийн ач холбогдлыг М.Шийрав, Ц.Хасбаатар, Т.Бямбадорж зэрэг үе үеийн дарга нар маань тун ч чамбай зааж ойлгуулсан даг. Тиймээс ч, Амгалангийн үерийн сурвалжилга, Монголын тэргүүний бизнесменүүдийн санаачилсан Наадмын задгай шоу зэрэг гайгүй үнэлэгдсэн сурвалжилгууд хийж байжээ. Ганц нэгийг онцолбол, 1996 оны өвөл санагдаж байна, ОХУ-ын ГХЯ-ны сайд Е.Примаковын айлчлалыг Буянт-Ухаад онгоц газардах үеэс нь эхлэн сурвалжиллаа. Түүнийг онгоцны шатаар алгуур бууж ирэв үү, үгүй юу тосож очоод мэнд усыг нь мэдтэл “Я очень рад, что приземлился в солнечной Японии /Би нарлаг Япон улсад газардсандаа тун баяртай байна/” гэхээр нь “Неужели я так похожа на японку? /Би Япон хүүхэнтэй тийм төстэй байна уу?”/ гэж “сэрээж” билээ. Уг сурвалжилга нь шууд нэвтэрсэн бол ч аль алинд маань хэцүүхэн л асуудал тулгарах байсан байх. Азаар газар дээр нь сурвалжилж, ирээд студид бичүүлж нэвтрүүлсэн тул дээрх хөгжилтэй харилцан яриаг хассан юм. Нөгөөтээгүүр, төр, засгийн хариуцлагатай хэрэгсэлд ажиллаж байсан ухамсраараа редакцынхантайгаа инээдэм болгоод өнгөрч билээ. Тэр өдөр нь харин Хэвлэлийн Хүрээлэнд болсон нэг сургалтад хамт суусан “Өнөөдөр” сонины Б.Галаарид /УГЗ/ өнөөх сонин болгож ярьсан тохиолдлыг маань сониныхоо маргааш өдрийнх нь дугаарт нийтэлсэн байсан. “Хурд”-д ирэхээсээ бүр өмнө 1990 оны эхээр радиогийн уран бүтээлчдийн дунд зарласан шилдэг мэдээний уралдаанд тэргүүн байр эзэлсэн нэг мэдээг Энэтхэгийн Нью Дели хотоос ганзагалж ирж байлаа. Тус улсад баян, ядуу хүмүүсийн ялгаа алган дээр юм шиг харагдсан нь ихэд сэтгэл эмзэглүүлж, нар доошлонгуут төв зам дагуу унтдаг нэг ядуу хүнээс авсан яриа оруулсан 30 секундын мэдээ нь хачирхалтай, сонин мэдээний ангилалд багтсан мэдээ байсан юм…
Ажил хөдөлмөрийн гараагаа Монголын Радиогоос эхэлж, өрнүүлсэн бол өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэн, түүний дэргэдэх Сэтгүүлч коллежоор “өтлүүлж” байна. Радиогийн халуун “гал тогоо”-нд хуримтлуулсан өөрийн болон хамт олны туршлагаасаа өнөөдөр сэтгүүлч болох сонирхолтой оюутнуудтай хуваалцаж явна даа.
2014 он